Статистикийн мэдээллийг илүү үнэн бодит болгоход анхаарахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ үеэр, “Ажилгүйдэл ядуурал буурсан нь амьдрал дээр харагдахгүй байхад статистикийн тоо нь өөр гараад байх юм. Мөнгө төгрөг дутагдалтай байгааг ойлгож байна. Гэтэл эдгээр тоон дээр үндэслэж бид асуудлаа ярьдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн манай улс 66.5 сая малтай болсон гэж статистикийн байгууллагаас гаргасан. Гэтэл хөдөөнийхөн "Манай малыг тоолдоггүй" гэж ярьдаг. Малчид малаа нэмж тоолуулж зээл аваад байна гэх юм. Хэдэн малчин зээл авав гэсэн тоо байна уу” гэсэн асуудлыг лавласан. Үүнд нь Статистикийн Үндэсний хорооны зүгээс "Малын тоо 66 сая хүрсэн үү үгүй юу гэсэн хардлага байдаг. Мал тооллогыг тусгай комисс гарч тоолдог, мөн хяналтын тооллого явуулдаг. Малчидтай холбоотой нарийвчилсан үзүүлэлтийг статистикийн байгууллагаас гаргадаг болж байгаа. Өнгөрсөн оны дүнгээр гаргасан мэдээлэл ирэх сард нэгтгэгдэнэ" гэсэн тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Статистикийн байгууллага нь Монгол төрийн бодлогыг тодорхойлох ганц суурь үзүүлэлтийг илтгэн харуулдаг байгууллага. Энэ байгууллагын тоо эхнээсээ бодит биш байвал бүх бодлого буруу явна. Тиймээс статистикийн байгууллага аргачлалаа амьдралд ойрхон болгож өөрчлөх хэрэгтэй. Статистикийн мэдээллийг зөвхөн төрийн захиргааны байгууллагаар дамжуулж авч буйг 100 хувь үнэн гэж итгэхгүй байгаа. Статистикийн мэдээллийг гаргахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн дунд явуулах судалгаа гээд хавсарсан хэлбэрээр аргачлалыг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын үндэслэж байгаа мэдээлэл дандаа худлаа гарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл үүсч байна" хэмээн шүүмжилсэн.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Малын тооны асуудал хөдөөд үнэхээр будлиантай. Орон нутагт очихоор өмнө нь манай сумын мал энэ хотгорыг дүүрдэг байсан. Одоо мал өссөн гэвч энэ хотгор дүүрэхээ болилоо гэж ярьж байна. Иймд хяналтын тооллогыг чанаржуулахад анхаарах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр хүүхдийн мөнгөний асуудлыг ярьсан. Ингэхэд 10-20 хувь нь огт хүүхдийн мөнгө авдаггүй гэсэн асуудал яригдлаа. Энэ тал дээр статистикийн байгууллагаас гаргасан судалгаа байна уу. Авдаггүй гэх мөнгийг банкинд зүгээр хэвтээд, банкууд эргүүлээд байдаг. Эсвэл төсөв захиран зарцуулагч өөр зүйлд зарцуулдаг гэж байсан. Энэ асуудал чуулганы хуралдаанд орж ирэх тул илүү тодорхой болгох нь зүйтэй" хэмээв.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүүхдийн мөнгийг хэдэн хувь нь авдаггүй болохыг тодорхой болгож чуулганы хуралдаанд оруулж ирэхийг даалгасны зэрэгцээ УИХ-ын гишүүд Статистикийн үндэсний хорооны үйл ажиллагаатай танилцах нь зүйтэй гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ