Шинээр хэрэгжиж байгаа төслийн оролцогч талуудын уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-17 21:14:22
  Увс /МОНЦАМЭ/. Монгол, Тайланд, Герман улс хамтран энэ оноос шинээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, Хүртээмжтэй эдийн засаг” төслийн оролцогч талуудыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны анхан шатны төлөвлөлтийн семинар болж байна.
Хоёр өдөр үргэжлэх уг семинарыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Засаглал хариуцсан эксперт Ч.Оюун-Эрдэнэ, орон нутгийн зохицуулагч, чиглүүлэгчдийн хамтаар зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл хамрагдаж байна. Энэ үеэр Тайланд улсад туршлага судалсан багийн мэдээллийг сонсож, төсөлд оролцогч талуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, хүлээлтийг тодорхойлж, НИТАЖ /нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал/-ыг хөгжүүлж болох бүс нутаг, жуулчдын зорих газар, худалдан авах сувинер, бэлэг дурсгалын төрлүүдийг багаар ажиллан тодорхойлж гаргасан байна. Аялагчид ихэвчлэн Увс, Хяргас нуур луу болон Гоожуурын хүрхрээ, Дэглий цагаан уулын чиглэлд аялдаг байна. Мөн Алтан элс, Нарийны эхийг үзэхээр зорих нь ч бий аж.
Мөн уг төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг төрийн байгууллагуудын төлөөллүүд, ИНБ-уудын сүлжээ, ЖДҮ-ийн зөвлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл, аялал жуулчлалын хувийн хэвшлүүдээс тус тус бүрдүүлсэн байна. Уг ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллуулахаар болжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ