Байтаг, Бургастайн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
byambasuren@montsame.mn
2018-04-11 16:26:01
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт Баруун бүсийн зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан энэ сарын 9-нд болж, Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй Баруун бүсийн зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Тус хурлаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотыг баруун аймгуудтай холбох авто замыг яаралтай ашиглалтанд оруулах ажлын хүрээнд Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 126,7 замын ажлыг эхлүүлж, хугацаанд нь ашиглалтад хүлээн авах, Ээвийн гол дээр гүүр барих, Завхан аймгийн төв Улиастай хот болон Говь-Алтай аймгийн төв Алтай хот хоорондын 180 км замыг сайжруулах, Ховд аймгийн төв Ховд хотоос Завхан аймгийн төв Улиастай хот чиглэлийн авто зам буюу Ховд аймгийн Дөргөн сумын Загийн тойруугаас Увс аймгийн Наранбулаг сум хүртэлх 130 км хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлэж зам харилцааг шуурхай хөгжүүлэх талаар санал нэгдлээ.
Баян-Өлгий-Астана, Ховд-Үрэмчийн чиглэлийн онгоцны нислэгийг сэргээх, Улаанбаатар-Улаангом-Кызыль-Новосибирск чиглэлийн нислэгийг шинээр нээх зэрэг авто зам дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Ховд аймгийн Байтаг, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, Увс аймгийн Боршоо боомтын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Баян-Өлгийн Цагаануурын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх асуудлыг тус тус хэлэлцэж, дээрх асуудуудыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар боллоо.
Түүнчлэн Баруун бүсийн аймгуудаас “Улсын тэргүүний загвар сум” шалгаруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-д өөрчлөлт оруулах талаар болон Бүсийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцсэн юм.
Мөн Баруун Бүсийн Зөвлөлийн гишүүдээс Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум” шалгаруулах үйл ажиллагааг хоёр  жилд нэг удаа биш жил бүр зохион байгуулах тухай санал гаргаж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлахаар болов.
                                                                                                                                             А.Бямбасүрэн
 
 

Холбоотой мэдээ