Хөдөлмөр болон төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-10 16:38:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газраас "Хөдөлмөрийн тухай, төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт: шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн бодит биелэлт, ажилтан, ажил олгогчийн хариуцлага" сэдэвт форумыг Ховд Их Сургуулийн аймаг дахь салбар сургуульд өчигдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан болон  шүүгчид, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдлагууд, өмгөөлөгч, хуульч, ажил олгогчдын төлөөллүүд оролцсон юм.

Форумын үеэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн биелэлт” сэдвээр, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн практик” сэдвээр, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээ: Шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн бодит биелэлт, ажилтан, ажил олгогчийн хариуцлага” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээр тус аймагт хөдөлмөрийн зах зээлд ажилтнуудын хөдөлгөөн өндөр байгаа аж. Жишээлбэл, Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 онд нийтдээ 818 хэрэг шийдвэрлэснээс 181 хэрэг буюу 22 хувь нь хөдөлмөрийн маргаан байжээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн нэхэмжлэл гарагчдын тоо сүүлийн зургаан жил дараалан өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн таван жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан хүмүүст улсын төсвөөс 571,7 сая төгрөг төлжээ. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд анхаарч байх ёстой бөгөөд дээрх нөхцөл байдлууд форум зохион байгуулах үндэслэл болсон гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ