Ландфиллийн аргаар ойрын гурван жилд ил хоггүй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-05 15:23:31
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын төвлөрсөн хогийг ойрын гурван жилд багтаан ландфиллийн аргаар булшлан ил задгай хоггүй болгохыг зорьж байна гэж Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Н.Баасанжаргал ярилаа.
Өнгөрсөн онд 2015-2017 оны хооронд үүсгэсэн хогон овоолготой хэсгийг сонгож 22,2 га талбайг цэвэрлэн 15289,6 шоометр хог хаягдлыг ландфиллийн аргаар дарсан байна. Ландфилл хийхээр тендер зарлаж өөр байгууллагаар хийлгэснээс өөрсдөө хийх нь илүү үр дүнтэй байна гэж тохижилт үйлчилгээний ангийнхан үзэж энэ жил 10 га талбайг цэвэрлэхээр төлөвлөж төсөв хөрөнгө хөөцөлдөж байгаа аж.
Булган сумын төвлөрсөн цэгийн 80 га талбайд тархсан 17000 шоометр хог хаягдалыг 4 ландфиллийн талбайд бүрэн хумих боломжтой гэсэн судалгааг долоон жилийн өмнө гаргасан бөгөөд 2017 онд дахин судалгааг хийхэд хог хаягдлын талбайн хэмжээ 8 га-гаар нэмэгдэн, айл өрхөөс гарах хогны хэмжээ өдөрт дунджаар 42 шоометр хог хаягдал хогны цэгт буулгадаг тооцоо гарсан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ