"Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ" сэдэвт хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-27 12:50:06

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Засгийн газрын XI байрны хоёрдугаар давхрын дугуй танхимд өнөөдөр "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Тус хурлыг тэмцээн, уралдааны хэлбэрээр нийслэлд төдийгүй салбартаа анх удаа зохион явуулж байгаа юм. Нийслэлд 2002 оноос эхлэн ЕБС-ийн 7-17 насны сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшинг таван чанараар тогтоох зорилгоор “Сорил наадам”-ыг жил бүр уламжлал болгон сургуулийн, дүүргийн, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр зохиосон юм.

Өнөө үед хүн амын бие бялдрын хөгжилт, чиирэгжилтийн түвшин тогтоох сорилд үнэлэлт өгөх тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бодлого, чиглэл, үйл ажиллагааг цаашид хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зайлшгүй шаардлагаар уг уралдааныг зохиож байна. Уралдаанд багаар болон бие даасан хэлбэрээр нийслэлийн дүүргийн БТСХ-дын мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн биеийн тамирын багш, их, дээд, сургуулиудын оюутан, эрдмийн зэрэг цолтой мэргэжлийн судлаач, шинжээч, эрдэмтэд гэсэн ангиллаар өрсөлдөнө.

Хуралд оролцогчид “Сорилын үр дүн, ач холбогдол”, “Сорилд хамрагдагсадын үзүүлэлтүүдэд насны ангиллаар хийсэн судалгаа”, “Сорилын өнөөгийн түвшин, цаашид авах арга хэмжээ”, “Сорилд хамрагдагсадыг газар зүйн байрлалаар нь харьцуулсан судалгаа”, “Бие бялдрын чанар тус бүрийн судалгаа” гэсэн чиглэлүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Энэхүү уралдааныг НБТСГ-аас томилогдсон биеийн тамирын эрдэмтэн, багш нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэх юм. Уралдаанд шалгарагсадыг ангилал тус бүрээр нь цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ