3 настай охиныг хойд эцэг нь зодож гэмтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-04 18:14:22
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт гурван настай бээлийн чинээхэн охиныг хойд эцэг нь зодож гэмтээсэн хэрэг гарч, олныг хирдхийлгэв.
Дөнгөж л биеэ дааж, ээж аавдаа эрхлэн дэгэж дэрвэх насан дээрээ яваа тэр жаахан “амьтныг“ ухаан алдтал нь зодсон шалтгаан гэвэл, хоолоо асгаж, өмдөндөө шээснийх гэнэ. Хамгийн гашуун нь, энэ бол ээлжит нэг зодуур байв. Хойд эцэг энэ мэт жижиг сажиг зүйлээр байнга өөнтөглөж, охинд гар хүрдэг байсныг ээж нь болон ойрын төрөл төрөгсөд нь ч мэдэж байжээ.
Залуухан эх орой ажлаа тараад гэртээ ирэхэд охин нь ухаан алдсан байсан гэнэ. Сандарч мэгдэн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч түргэний машин очиход хойд эцэг нь нохойгоо тавьж, хаалгаа түгжчихээд хавьтуулаагүй байна. Харин цагдаа нар очиж хүчирхийлэгчийг баривчилснаар охинд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 
Охины ээж өнгөрсөн оны наймдугаар сараас 28 настай иргэн Б-тэй хамтран амьдрах болжээ. Ажил хийж ар гэрээ тэжээхийн тулд бяцхан охиноо хойд эцэгтэй нь хамт үлдээдэг байсан гэж тэрээр мэдүүлэг өгсөн байх юм.
Төрсөн эх нь энэ талаар мэдсээр байж, цагдаагийн газарт мэдэгдээгүйг олон нийт буруутгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад, охины ээж ч гэр бүлийн байнгын хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтанд амьдарч байсан, мөн адил хохирогч гэж үзэх үндэслэлтэй гэнэ. 
Харин хүчирхийлэгч Б-г одоогоор цагдан хорьж, хэрэг бүртгэлийн шатанд шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар охин одоогоор Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа юм. Урьдчилсан байдлаар тархиндаа саажилттай болсон байх магадлалтай гэж үзэж байсан ч нарийн үзлэг шинжилгээгээр тархи доргиж, хөнгөн зэргийн гэмтэлтэй, саажилтгүй гэж оношилжээ.
Аймгийн цагдаагийн газарт сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх тохиолдол үүнээс өөр бүртгэгдээгүй гэж мэдээлэв. Харин бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол өнгөрсөн онд л гэхэд 6 бүртгэгджээ. Ийн хөшигний цаана эрээн бараан хорвоод хөл тавиад удаагүй балчир үрс минь хохирсоор байгаагийн нэгээхэн жишээ нь дээрх хэрэг байлаа.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ