Пүрэв гараг бүрийг “Иргэдээ сонсох өдөр” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 09:03:21

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн “Төрийн албан хаагчийн бахархал”-ын өдөртэй болох санаачлага гаргаж өнгөрсөн даваа гарагаас олон ажлуудыг өрнүүлж эхэлсэн юм.

Тухайлбал “Бахархалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Зохистой хувцаслалт”, “Мэндчилгээ инээмсэглэлийн өдөр”, “Талархалын өдөр”, “Иргэдээ сонсох өдөр”, “Хишиг өдөр” зэрэг ажлыг  зохион байгууллаа. Тухайлбал: долоо хоног бүрийн пүрэв гарагийг “Иргэдээ сонсох өдөр” болгон зарлаж тухайн өдөр тусгайлан томилогдсон алба хаагчид хуваарийн дагуу иргэдийг угтаж хүлээн авах үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ өдөр аймгийн ЗДТГ-ын “Иргэдийг хүлээн авах танхим”-д иргэдийг угтан авч санал хүсэлтийг нь сонсож тэмдэглэн аймгийн шийдвэр гаргагчдад танилцуулсан байна. Энэ өдөр нийтдээ 13 иргэн санал хүсэлтээ илэрхийлж хотын орон сууцны халаалт тааруу, сууц өмчлөгчдийн холбоодын ажил хангалтгүй байгаа, золбин хохой ихэссэн, алслагдсан гэр хороолол руу байнгын нийтийн тээврийн унаа явуулж өгөхийг хүссэн зэргээр санал хүсэлтээ илэрхийлж хариу авахыг хүсчээ.

“Иргэдээ сонсох өдөр”-өөр саналаа хэлсэн иргэдэд тавьсан асуудлынх нь хариуг даруй мэдэгдэнэ гэж холбоо барих хаяг, утсыг нь авчээ.

                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ