Хориг арга хэмжээнээс үр дүн гарсангүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
172@montsame.mn
2018-04-02 09:31:46
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Оросын эсрэг АНУ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс бидний хүссэн үр дүн гарсангүй. 1980-д он ерөнхийлөгч асан Рональд Рейганы үед авч хэрэгжүүлж байсан Оросыг эдийн засгийн хувьд тусгаарлан ганцаардуулах арга замыг хэрэглэхээс өөр сонголт АНУ-ын засаг захиргаанд үлдсэнгүй гэж Америкийн сенатч Линдси Грэм телевизийн “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын дипломатчдыг АНУ-аас хөөх шийдвэрийг тайлбарлана уу, АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулсан нь дээргүй юу гэсэн асуултад хариулахыг Конгрессын дээд танхимын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүн Л.Грэмээс хүсэхэд тэрээр “Орос бүр гараас гарч дураар авирлах болсон. Бидний авч хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ үйлчлэхгүй байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар нэгэн шалтгаанаар Оросын эрх баригчдад шууд хатуухан хариу барихгүй байна хэмээн би үзэж байна” гэж хариулжээ.
 
Бий болсон нөхцөл байдлаас гарах арга зам нь Европын орнуудад Оросын нийлүүлж буй байгалийн хий болон газрын тосыг орлуулах боломж бүрдүүлэх явдал юм хэмээн хэмээн сенатч үзэж байна. “Оросын эдийн засаг нь байгалийн хий болон газрын тос дээр суурилдаг. Иймд Оросыг эдийн засгийн хувьд тусгаарлан ганцаардуулахыг би санал болгож байна. Хэрэглэгчгүйгээр тэд удаан тэсэхгүй. Трампын оронд байсан бол би Оросыг Герман, Франц хийгээд байгалийн хий болон газрын тосны бусад хэрэглэгчдээс нь салгахыг оролдох байсан” гэж Л.Грэм мэдэгдсэн байна.
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ