Гол, нуурын мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-26 12:13:17
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа аж. Үүний зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг татам орчимд байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна. Иймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тэрчлэн шар усны үерт өртөх эрсдэлтэй газарт амьдарч байгаа айд өрхүүд даруй нүүх хэрэгтэй байгаа аж.
“Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 26-аас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох, салхи ширүүсэх төлөвтэй тул иргэд, жолооч нар батлагдсан зам маршрутаар явах, малчид шуурганд малаа хариулагагүй орхих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хэрэгтэй” хэмээн аймгийн ОБГ-ын ажилтан Л.Долгормаа хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ