“Найрамдал -2018” экипаж Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-20 15:09:47
Ховд/МОНЦАМЭ/Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын ивээл дор Олон улсын хүүхдийн ”Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж Ховд аймагт энэ сарын 20-24-нд ажиллаж байна.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын анги, хамт олныг идэвхжүүлэх, сурагчдыг хөгжүүлэх, өсвөр үеийнхнийг зөв хандлага, төлөвшилтэй болгох зорилготой “Найрамдал-2018” экипажийн үндсэн үйл ажиллагаа, сургалтын нээлтийн арга хэмжээ  аймгийн төв талбайд боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" цогцолборын захирал О.Доржсүрэн болон аймгийн төвийн ерөнхий боловсролын 1, 2, 7 дугаар сургууль, Прогресс сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцов.
“Оролцъё, дэмжье, тусалъя, хайрлая, хамтаръя” уриатай “Найрамдал-2018” экипажийн уг үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын түүхт 40 жилийн ойг угтаж Ховд аймагт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“Найрамдал-2018” экипажийн багш нар сурагчдад зориулан мэндчилгээ дэвшүүлж, “Даяаршил ба амьдрах ур чадвар”, “Хүүхдийн оролцоо-Хувь хүний чадвар”, “Цахим ертөнцийн зохистой хэрэглээ”, “Бидний чөлөөт цаг”, “Хүүхдээс-Багшид” гэсэн сэдвээр сургалт мэдээлэл хийж, “Найрамдал” цогцолборт зохион байгуулагддаг тоглоомын тойргоор хамтдаа аялуулж байна. Энэ нь өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, бусдыг гадуурхаж, дарамтлахгүй байх талаар мэдлэг олгох, чөлөөт цагаа үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэхэд нь нөлөөлөх, эерэг харилцааны ур чадварт өсвөр үеийнхнийг сургах, дадлагажуулах чухал ач холбогдолтой байв.
Мөн олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг шинэ зууны иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж, тэдний амьдарч хөгжих, эрүүл таатай орчинг бүрдүүлэх, чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн хөтөлбөрийн арга зүй, загварыг дэлгэрүүлэхэд чиглэж ажилладаг талаар ОУХНЦ-ын захирал О.Доржсүрэн ярилаа.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж 9 хүний бүрэлдэхүүнтэй Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 22-24-нд Манхан, Мөст, Алтай суманд ажиллана.
                                                                                                      А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ