Энэ жил долоон ухаалаг худаг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-19 12:19:06
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ онд нийт долоон ухаалаг худаг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ ажлыг  тус аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангаж ажилладаг орон нутгийн өмчит “Чандмань-Илч” компани хийх юм.
Эднийх 2017 онд Сайншанд сумын хэд хэдэн  худагт автомат төхөөрөмж суурилуулж ухаалаг болгож байсан туршлагатай аж. 2017 онд ухаалаг болгож байсан худгууд эдүгээ хэвийн ажиллаж байгаа  юм. Ухаалаг худгийг ашиглахдаа иргэд карт худалдан авч мөнгөөр цэнэглээд автомат төхөөрөмжид уншуулснаар ус авах боломжтой.
Нэг худгийг ухаалаг болгоход ойролцоогоор найм орчим сая төгрөг зарцуулж байна. Ухаалаг худаг нь гаднаа  камертай, харуул хамгаалалттай төдийгүй худгийн ашиглалт, аюулгүй байдлыг компанийн төв сервэрээс  хянадаг. Худгийг ухаалаг болгосноор зөөврийн усны ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэхээс гадна зардал төсөв хэмнэдэг байна. 
Орон нутгийг ухаалаг худагтай болгох ажлыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн  хөтөлбөрт суусан зорилтын дагуу зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ