"Казахын гоо бүсгүй-2018" тэмцээнд Монголын оролцогч амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-19 12:07:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстан Улсын Алматы хотноо өчигдөр өндөрлөсөн "Казахын гоо бүсгүй-2018" олон улсын тэмцээнд Монголын оролцогч Х.Жулдыз  "шилдэг даашинз"-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ.

Тэрээр тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын оёсон нэг сая тенгегийн үнэтэй /долоон сая орчим төгрөг/ гоёлын даашинзаар оролцсон байна. Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгасан байна.

Энэ жил анх удаагаа олон улсын чанартай явагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Казахстаны оролцогч Р.Набира 2018 оны "Казахын гоо бүсгүй"-гээр шалгарчээ.

Х.Жулдыз өнгөрсөн сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан урьдчилсан шалгаруулалтад тэнцэж олон улсын тэмцээнд оролцох эрх авсан аж.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ