Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомын хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-19 08:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Такасаки хотноо амралтын өдрүүдэд болсон Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай баг хүрэл медаль хүртжээ.

Монгол бүсгүйчүүд, америк бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Харин удаагийн хүрэл медалийн төлөөх гурав дахь халз барилдаанд 6:4-өөр яллаа.

17 дахь удаагийн ДЦАШТ-д Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм. Монголын эмэгтэй бөхчүүд “В” хэсгийн эхний тойрогт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румын улсын шигшээг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон.



Эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалан ялснаар тоог 4:1 болгосон.  Харин гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүй болсон ч 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо авч, улмаар даралтад оруулж багтаа  чухал ялалтыг авчирлаа.

Мөн гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдаж, манай баг 6:4-өөр ДЦАШТ-ий хүрэл медалийн эзэд болов.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ