Ангела Меркель тангараг өргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-14 19:26:35
БЕРЛИН. /ТАСС/. Өнөөдөр Берлин хотод болсон Бундестагийн хуралдааны үеэр А.Меркелийг 364 депутат дэмжсэнээр тэрбээр канцлерын албан тушаалд улиран сонгогдсон билээ.
 
Өдгөө 63 настай А.Меркель канцлерын албан тушаалд улиран сонгогдохын тулд 355 санал авахад хангалттай байсан бөгөөд Бундестагийн 709 суудлаас Христосын ардчилсан холбоо нам ба Христосын нийгмийн холбоо намын эвсэл болон Социал демократ нам нийлээд 399 төлөөлөгчтэй тул А.Меркель дахин сонгогдоход ямар нэгэн хүндрэл үүсэхээргүй байсан юм.  
 
Гэсэн  хэдий ч Христосын ардчилсан холбоо нам ба Христосын нийгмийн холбоо намын эвсэл болон Социал демократ намын олон депутат түүнийг дэмжээгүй нь илэрхий байна. Санал хураалтыг нууцаар явуулсан учир эдгээр эвсэл болон намаас хэдэн депутат түүнийг эсэргүүцэж, хэн нь түүнийг дэмжсэнийг хэлэх боломжгүй юм.

“Санал хураалтын дүнг та хүлээн зөвшөөрч байна уу?” хэмээн Бундестагийн дарга Вольфганг Шойбле санал хураалтын дүнг танилцуулсны дараа түүнээс асуухад А.Меркель “Тийм ээ, би хүлээн зөвшөөрч байна” гэж хариулжээ.

А.Меркель канцлерын албан тушаалд томилогдох тухай гэрчилгээг Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераас гардан авахаар тус улсын төрийн тэргүүний оршин суудаг Бельвю ордонг зорих юм. Дараа нь тэрбээр Бундестагт эргэн ирж, тангараг өргөх билээ. Орон нутгийн цагаар 12:30 цагт тэрбээр их эвслийн засгийн газрын гишүүдтэйгээ дахин Бельвю ордонг зорих бөгөөд Франк-Вальтер Штайнмайер 15 сайдад гэрчилгээ гардуулан өгөх юм.
 
Германы канцлераар дөрөв дэх удаагаа ажиллах хүсэлтэй байгаагаа А.Меркель 2016 оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм. Америкийн “Forbes” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэг бус удаа нэрлэж байжээ.  
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ