Шөнийн цагаар архи согтууруулах ундаа худалдаж буй газруудад арга хэмжээ авахыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-14 12:09:19
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаар захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх эрх бүхий тусгай үйлчилгээний газар 08-24 цаг хүртэл үйлчлэх, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг газар 02-22 цаг, бөөний худалдаа эрхлэгч нь 09-19 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдана гэж заажээ. Гэвч энэ захирамжийг биелүүлэхгүй, шөнийн цагаар худалдаа эрхэлж буй 2-3 жижиглэнгийн худалдааны газрууд байна. Үүнээс болж архидалт түүнээс үүдэлтэй гэмт хэрэг зөрчил буурахгүй байгаа тул үүнд зохих арга хэмжээ авах тухай гомдлыг зарим иргэд гаргажээ.

“Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа худалдаж буй газруудад хяналт шалтгалт хийж, удаа дараа зохих арга хэмжээг авсан. Бид тус газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймгийн ЗДТГ-т өнгөрсөн оны зургаа болон 11 дүгээр сард хүргүүлсэн ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Харин ч тус газруудын зөвшөөрлийг дахин сунгасан гэсэн мэдээлэл ирсэн. Чухам ямар шалтгаанаар зөвшөөрлийг цуцлах бус сунгаж байгааг бид мэдэхгүй. Манай зүгээс өөрсдийн хэмжээнд зохих арга хэмжээг авч, эргүүлийн цагдааг тогтмол ажиллуулж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа” хэмээн аймгийн ЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга,  дэд хурандаа Г.Баярсайхан хэллээ.

Харин энэ талаар аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар тайлбарлахдаа “Энэ гомдлын дагуу зохих хяналт шалгалтыг газар дээр нь хийж, гарсан зөрчлийн талаар тодорхой мэдээлэл өгөх үүргийг аймгийн ЦГ-т өгсөн. 2017 оны 12 дугаар сараас хойш манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй байна. Хууль бусаар худалдаа эрхлээд байгаа гэх газруудын тусгай зөвшөөрлийг яагаад сунгав гэхээр  ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд сунгасан. Гэхдээ сунгасан гэдэг маань хууль зөрчихийг нь зөвшөөрсөн гэсэн үг биш. Тогтсон хуваарийн дагуу худалдаа үйлчилгээ үзүүлэх ёстой. Тиймээс яг гарч буй алдаа зөрчил, хохирлын талаар бодит мэдээлэлтэй болсны дараа зөвшөөрлийг цуцлах эсэх талаар хэлэлцэж болно” гэв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа болон тамхи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх эрх бүхий 210 орчим, Баруун-Урт суманд 100 гаруй аж ахуй нэгж, байгууллага бий.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ