Хятадад батлан хамгаалах салбарын компаниудын хувьцааны ханш өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-25 14:00:59

БЭЭЖИН. /TASS/. Олон улсын байдал хурцадсантай, улмаар Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбоотойгоор Хятадын хөрөнгийн биржүүдэд батлан хамгаалах салбарын буюу зэвсэг техник үйлдвэрлэдэг компаниуд болон агаарын цэргийн техник үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ өсч эхэлжээ. Энэ тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.

“Өнөөдөр арилжаа эхлэх үед батлан хамгаалах салбарын компаниуд болон агаарын цэргийн техник үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ эрс өссөн. Ингэхдээ зочид буудлын болон хоол хүнсний хангамжийн бизнес эрхлэгч компаниудын хувьцааны ханш ихээхэн буурсан” гэж "Ди и цайзин жибао" сонины цахим хувилбарт мэдээлжээ.

"Жунго Жэнцюань бао" сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын Су-24 онгоцыг сөнөөсөн нь “түгшүүртэй байдал улам хурцдахад ” болон “хөрөнгийн биржүүдэд ханшийн ихээхэн хэлбэлзэл үүсэхэд” хүргэсэн байна.

Одоогийн байдлаар Хятадын зах зээл өсөлтийн шинэ боломжийг хайж байгаа бөгөөд Оросын бөмбөгдөгч онгоцтой холбоотой үйл явдал нь үүнд “түлхэц” болсон гэж хөрөнгө оруулалтын "Готай зюньань секьюритис" банкны ажиглагч Жоу Вэньюань хэлжээ.

“Энэ нь Хятадын зэвсгийн хөгжилд нөлөөлөх бөгөөд тус улсад батлан хамгаалахын компаниудын хувьцаа алсдаа өсөх болно” гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ