Н.Цэрэнбат: Монгол Улсын аялал жуулчлалын маршрутыг ирэх сард батлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-03-12 17:29:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын Нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулах болжээ. Энэ талаар болон тус салбартай холбоотой нийгмийн анхаарлыг татсан бусад асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Долоо хоногийн хугацаатай үргэлжлэх Нээлттэй өдөрлөгөөр тус салбарын хүрээнд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх юм байна. Мөн БОАЖ-ын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийхээр төлөвлөжээ.

Мэдээллийн дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Дулааны улирал ирж, утаа харьцангуй багасахтай зэрэгцэн энэ сэдэв дарагддаг. Агаарын бохирдлыг бууруулах ажил юу болж байгаа вэ. Одоо ямар ажил хийгдэж байна вэ?

-Агаар, орчныг бууруулах Үндэсний хороо хуралдаж тодорхой ажлууд хийхээр баталсан. Энэ хүрээнд яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэд хэдэн ажлууд хийгдсэн. Зарим ажил нь судалгааны дүгнэлт дээр байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэх ажлуудтай танилцана.

-Цэвэрлэх байгууламжийн асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Барилга, хот байгуулалтын яаманд Цэвэрлэх байгууламжийн нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байна. Шинээр баригдах Цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ, лагны үнэр дарах, тээвэрлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөөгөө өгсөн. Ажлын хэсгүүд хуралдаж, эцсийн шийдээ гаргаагүй байгаа.

-Та “ITB Berlin-2018”-д оролцоод ирсэн. Манай улс 1 сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд хийх гол ажил юу байна вэ?

-Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилго тавиад ажиллаж байгаа. Сая Берлинд болсон үзэсгэлэнд Монгол Улс сүүлийн 14 жилийн турш оролцож байна. Гэтэл бидэнтэй хамт энэ үзэсгэлэн ороод явж байсан улсуудын аялал жуулчлалын салбар сайн хөгжсөн байна. Тиймээс жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Энэ маршрут батлагдвал Монгол Улс аялал жуулчлалын салбарт ямар бодлого, чиглэл баримтлах нь тодорхой болно. Засгийн газар аялал жуулчлалын салбараас олох орлогоо дээшлүүлэхийн төлөө анхаарч ажиллана. 

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?
-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Шонхор барих зөвшөөрөл олгохтой холбогдуулан маш их шүүмжлэл гардаг. Энэ төрлийн зөвшөөрөлд хязгаарлалт тавих уу?
-Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбоотой асуудал яригдаагүй. Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон хэвээр байна.

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?
-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Ан агнуурын зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Зөвшөөрлийг олгохдоо ил тод байх үүднээс нээлттэй явуулах зарчим баримтална. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна вэ?
-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжийн биелэлт өнөөдөр муу хэрэгжиж байна. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зориулалтын бусаар зарцуулдаг. Энэ нь маш их асуудал үүсгэж байна. Энэ асуудлыг зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

-Богд уулын тусгай хамгаалалттай газар тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах вэ?
-Би Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан. Манай яаманд ирж байгаа гомдлын бараг 80 гаруй хувийг Богд уултай холбоотой асуудал эзэлж байна. Тиймээс энэ асуудалд тусад нь ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ