Сити тур аялал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-11 08:43:25
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо санаачилж хүүхэд залуучуудад орон нутгийнхаа түүх, соёл, онцлогтой танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Сити тур” буюу хот доторх аяллыг гуравдугаар сарын 10-наас зохион байгуулж эхэллээ.
Аялалд Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцож аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхим, Сайншанд сумын ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимтай танилцаж, Говийн догшин ноён хутагтын музей үзэж, Хутагтын хөшөө, Динозаврын хөшөө, хөгжил цэцэглэлтийн хөшөө, Данзанваанчигийн хөшөө, өөрөө явагч их буу, Сайншанд дууны хөшөө, зургаан баатрын хөшөө, Сэвжидийн түүх, дурсгалд зориулан босгосон боржин чулуун хөшөө зэрэг түүх соёлын дурсгалтай танилцав.
Мөн аймгийн орон нутгийг судлах музей үзэж, Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжлийн чиг баримжаа олгох танхимтай танилцлаа.
Аяллыг зохион байгуулснаар ахлах ангийн сурагчид аймаг орон нутгийнхаа түүх, соёл, хөгжил дэвшил, онцлог зүйлсийн талаар тодорхой мэдлэгтэй болохоос гадна нутаг орноороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.
Энэхүү аяллын эхний аялагчдаар ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн н.Мөнхцэцэг багштай 12 б анги, Б.Өнөрсайхан багштай 12а ангийн сурагчид оролцлоо. Аяллын төгсгөлд хоёр азтай аялагч шалгаруулж дурсгалын зүйл гардуулав. Аяллыг ирэх тавдугаар сарын 05-ныг хүртэл зохион байгуулж төгсөх ангийн хүүхдүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.
“Сити тур” аяллыг Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Музей сургалт судалгааны төв, Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газар, Хутагтын музей, DTV, “Дорнын тусгал” гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулав.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ