Байгальд учруулсан хохирлын төлбөрийг барагдуулах үүрэг өглөө

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:15:55

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн Байгалт Орчны газрын дарга С.Ганзориг “Хулгайн ан, мод, хууль бус ашигт малтмалын олборолтыг шалгах ажлын хэсэг”-ийн дүнг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа:-“2015 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 14 иргэн, аж ахуйн нэгжид ой, модны экологид учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хууль бус ан, агнуурын эсрэг нийт дөрвөн удаагийн хяналт шалгалт хийсэн. Аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан хоёр удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн таван иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан Тул, Зэвэг загас тус бүр хоёр, Цурхай найм, Гутаар тав, Булуу цагаан 171 ширхэг нийт 188 ширхэг загас болон Улаанбаатар хотын нэг иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан хоёр ширхэг тарвага, нийт 8.5 сая төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад хүргүүллээ гэв.

Мөн хууль бус олборлолтын эсрэг хяналт шалгалтыг 2015 онд нийт 13 удаа Хонгор сумын Хүйтний гол, Цэхэр цөөрөм, Их, бага Ноены ам, Хуурай, Буурт, Шарын гол сумын Санжинт, Хар ямаат, Шаазгайт зэрэг газруудад зохион байгуулж давхардсан тоогоор нийт гурван аж ахуйн нэгж, гурван иргэний хууль бус алт олборлолт явуулахыг завдсан болон явуулсан газруудад аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, сумуудтай хамтарсан шинжилгээ хийж нийт 89.3 сая төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар гаргаж холбогдох хуулийн байгууллагад шилжүүлээд байна” гэв.

Тус хуралдаан ажлын хэсгийн танилцуулгыг сонсоод хяналт шалгалтын ажлаа улам эрчимжүүлж аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоож учруулсан хохирлын төлбөрийг даруй барагдуулах үүрэг өглөө.

                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ