Гавьяат багш М.Амантай агсны нэрэмжит монгол хэлний олимпиад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-03 20:03:18
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Б.Баастын нэрэмжит Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн захиргаа Монгол Улсын гавьяат багш М.Амантай агсны нэрэмжит монгол хэлний олимпиадыг энэ сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  

Тус олимпиад нь хүүхдүүдийн монгол хэлээр алдаагүй зөв бичих, ярих, унших чадварыг сайжруулах, үг ярианы баялгийг нэмэгдүүлэх, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилготой аж. Энэ жил хоёр дахь удаагаа явагдсан олимпиадад Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн 2-5 дугаар ангийн 740 сурагч оролцжээ.

Сургуулийн захиргаа нь  олимпиадад амжилттай оролцож, хамгийн өндөр оноо авсан Б.Ариунзул багштай 2 "Г", Ж.Нургул багштай 3 "Б", С.Энхтуяа багштай 4 "В", А.Өркен багштай 5 "Г" ангиудыг "Монгол хэлний аварга анги"-аар шалгаруулж, шилжин явах цомоор шагнажээ.  

М.Амантай нь 1967-1992 онд Өлгий хотын хоёрдугаар сургуульд бага ангийн багш, 1992-2013 онд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Бага ангид хичээл заах өөрийн арга барил, ур чадвараараа бусдад үлгэр дуурлиал үзүүлсэн түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 61 тоот зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээжээ.   

Ө.Нурболат

Холбоотой мэдээ