Турк дахь монголчууд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-01 16:38:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Турк улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилготой  “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-т Засгийн газар гарын үсэг зурахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжжээ. 

Тус хэлэлцээр батлагдвал Монгол Улс болон БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэн хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж олгох боломжтой болох юм.

Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд Турк улсад манай улсын 4000 орчим иргэн амьдардаг бөгөөд одоогийн байдлаар оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байгаа аж. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсвэл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг юм байна. Иймээс хоёр улсын хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд, хоёр дахь шатны хэлэлцээг БНТУ-ын Анталя хотод 2016 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтсон юм.

Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсний дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдсан байна. Хэлэлцээртэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд гишүүд санал нэгтэйгээр дэмжин, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Улмаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон байна. 

Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг монгол иргэд олноор оршин сууж байгаа улс орнуудтай байгуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.  
Н.Гантуяа
Холбоотой мэдээ