АПЕК: Хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-11-24 14:41:04

Хэдхэн хоногийн өмнө Туркийн Антальяд болсон “G20” бүлгийн Дээд хэмжээний уулзалтын сүрд жаахан дарагдаад дуулиан багатайхан өнгөрсөн хэдий ч 18-19-ний өдрүүдэд Филиппиний нийслэл Манилад болсон 23 дахь удаагийн АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын ач холбогдол, үүргийг дутуу үнэлж болохгүй юм.

Дэлхийн худалдааны эргэлтийн бараг тал хувь нь ногдож, дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн эдийн засгуудын энэ удаагийн чуулга уулзалтаар олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Дэлхий дээрх эрдэс баялгийн нөөцийн 70 хувь АПЕК-ийн эдийн засгуудад ногддог бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувь нь тэдгээрийг чиглэж байна. Дэлхий дээр хамгийн эрчимтэй хөгжиж буй гэгддэг энэ бүс нутгийн орнуудын чадавхи, нөөц боломжийг дайчлан ашиглаж, эдийн засгийн өсөлтийг бий болгох нь тус байгууллагын бүх түвшний уулзалтуудын гол зорилго байсаар ирсэн.

АПЕК-ийн уулзалт бол Ази-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлогч барометр мөн гэж үздэг.

Энэ удаагийн уулзалт “Хүртээмжтэй эдийн засаг болон илүү таатай дэлхий ертөнцийг цогцлоон байгуулахын төлөө“ /Building Inclusive Economies, Building a Better World/ гэсэн уриан дор болж өнгөрлөө. Building Inclusive Economies гэсэн хэллэг нь “Хүртээмжтэй өсөлтөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих” гэсэн санааг агуулах бөгөөд сүүлийн үед олон улсын хурал цуглаан, Дээд түвшний уулзалтуудын индрээс байнга сонсогдох болсныг уншигчид анзаарсан буй заа.

Б.Обама, Си Зиньпин, Шинзо Абэ нарын эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч 3 орны  удирдагчид “G20” бүлгийн уулзалтын дараа шууд Филиппинд хүрэлцэн иржээ. Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин ирээгүй бөгөөд оронд нь Ерөнхий сайд Д.Медведев оролцов. Нийтдээ 10 мянга хүн Манилагийн уулзалтад оролцсоны дотор 3000 сэтгүүлч байлаа.

АПЕК терроризмыг зэмлэн буруушаав 

Уулзалт болсон өдрүүдэд Манила хотод Азийн мегаполис хотуудын онцлог дүр зураг болсон нүсэр их хөл хөдөлгөөн татарч, толгой эргэм түчигнэсэн дуу чимээ, хүмүүсийн шаагилдаан, замын түгжрэл ор мөргүй арилан, гудамж замууд эл хуль болсонд сэтгүүлчид гайхаж байлаа.

Ганцхан сарын дотор олон хүний аминд хүрсэн террорист халдлагууд шил дараалан болсон учраас аюулгүй байдлыг хангах тал дээр маш хатуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Нийтдээ 30 мянга гаруй арми, цагдаагийн албан хаагчид дэг журам сахиулах ажилд дайчлагдсан байна. 18, 19-ний өдрүүдийг албан ёсоор амралтын өдөр болгожээ. Уулзалт болсон хугацаанд нийтдээ 1700 удаагийн орон нутгийн болон олон улсын нислэгийг цуцалсны дүнд АПЕК-ийн удирдагчдын аюулгүй байдлыг хангаж чаджээ. Манила хотын орон гэргүй 20 гаруй мянган хүнийг нийслэлээс гарган тусгаарласан гэнэ.

Урьд өмнө нь АПЕК-ийн чуулга уулзалтаар зөвхөн эдийн засгийн интеграци, худалдааны асуудлыг хэлэлцдэг байсан бол энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Синайн хойгт Оросын зорчигч тээврийн нисэх онгоцыг террористууд дэлбэлсэн явдал болон Парис, Бейрутад болсон террорист халдлагыг зэмлэн буруушаасан байна. “Бид терроризмын бүх хэлбэр, арга, үйлдлийг хатуу зэмлэн буруушааж, түүний уг үндэс, шалтгааныг үгүй хийхийн тулд бүгдээрээ нэгдэн тэмцэхийг уриалж байна” гэж уулзалтын дүнгийн баримт бичиг болох Тунхаглалд дурдсан байна.

Тунхаглалд тусгалаа олсон асуудлууд

Ази-Номхон далайн бүс нутагт хүртээмжтэй эдийн хөгжүүлэх асуудал чуулга уулзалтын гол сэдэв байлаа.

Дээрх Тунхаглалд “тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой, шинэлэг /инноваци/ бөгөөд аюулгүй эдийн засгийг хөгжүүлэх” гэсэн үндсэн зорилтыг тусгасан байна. “Эдийн засгийн урьд хожид гарч байгаагүй өсөлт нь олон сая хүнийг ядуурлаас гаргасан хэдий ч манай бүс нутгийн сая сая хүмүүсийн дунд ядуурал бодитойгоор оршсоор байна. Тэгш бус байдал нь эдийн засгийн өсөлтөд саад тотгор болж байна” хэмээн Тунхаглалд дурдаад “дэлхийн эдийн засагт эрэлтийн зохистой бус өсөлт, санхүүгийн тогтворгүй байдал, бүтцийн асуудал, эдийн засгийн тэгш бус өсөлт гэх зэрэг эрсдэл, тодорхойгүй байдал үүссэн” гэдгийг сануулжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн хаялга нийт хүн амд жигд хүртээмжтэй биш байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг нь эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх давхаргынхан эдийн засгийн өсөлтийн үр шимийг бодитойгоор мэдэрнэ гэсэн үг юм.

Үүний тулд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, санхүүгийн шилжүүлгийг либералчлах, ил тод болгох, баталгаатай хөрөнгийн шилжилтийг хялбаршуулах, жижиг, дунд бизнесийнхэнд санхүүгийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зэрэг олон арга замыг дурдсан байна. Ядуурлыг бууруулах нэг арга зам бол хүн амын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх явдал мөн гэдгийг мөн онцолжээ.

Дашрамд дурдахад, жижиг, дунд бизнес эрхлэхэд учирч буй саад бэрхшээлийг арилгахын тулд 2015 оны сүүлч гэхэд элдэв дүрэм журмыг 25 хувиар танаж цэгцлэх, 54 нэр төрлийн эко бараанд ногдох татварыг 5 хувиар бууруулах, бүс нутгийн худалдааны сүлжээний үр ашгийг 10 хувиар нэмэгдүүлэх гэх мэт тодорхой зорилтуудыг АПЭК-ынхан өмнөө тавьсан байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн өөр нэгэн “мөнхийн” сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт. Дээр дурдсан Тунхаглалд “12 дугаар сард Парист болох бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шударга, тогтвортой, алсыг харсан, эрчтэй давшингуй хэлцэл тохиролцоонд хүрэхийн төлөө бид эрс шийдвэртэй зогсож байна. 2030 он гэхэд нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2010 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхийн төлөө байна” гэжээ.

Манилагийн уулзалтын үеэр  Америкийн Ерөнхийлөгч Б.Обама үг хэлэхдээ “эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхийн тулд “цэвэр эрчим хүч”-ний технологийг хөгжүүлэхийг бүс нутгийн орнуудад хандан уриалсан нь олны анхаарлыг татлаа. Удахгүй Парист болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр дэлхийн дулаарлын шалтгаан болж буй нүүрсхүчлийн хийн агууламжтай түлшнээс хамааралт байдлыг багасгах асуудлаар Бүх нийтийн хэлэлцээр байгуулахыг дэмжихийг Б.Обама мөн уриалсан байна. “Цэвэр эрчим хүч”-ний технологийг боловсронгуй болгох талаарх Обамагийн санал, санаачилга нь Бүгд Найрамдах намынхны зүгээс нэлээд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Байгаль орчныг хамгаалах үүднээс элдэв хориг хязгаарлалт хийх аваас энэ нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, ингэснээр Америкийн компаниудын өрсөлдөх чадварыг бууруулна гэж БНН үзэж байгаа аж.        

АПЕК дотор зөрчил үүссэн үү?  

Аравдугаар сарын 5-нд АНУ, Япон, Канад, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Перу, Чили, Малайз, Бруней, Сингапур, Вьетнам гэсэн 12 улс Номхон далай дамнасан түншлэл байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэхдээ одоохондоо уг хэлэлцээрийг эдгээр орны парламентууд соёрхон батлаагүй байгаа юм. АНУ-ын санаачилсан уг хэлэлцээрт чөлөөт худалдааны бүс байгуулах, татвар, хөрөнгө оруулалтын бодлого, худалдааны стандарт тогтоох асуудлыг тусгасан аж. Гэтэл дээрх түншлэлийг байгуулах хэлэлцээнд Орос, Хятад хоёрыг уриагүй нь АПЕК дотор үл ойлголцол төрүүлсэн нь мэдээж. Өөрсдийг нь урилгүйгээр, түншлэл байгуулах нөхцлөө өөрсдийнх нь оролцоогүйгээр шийдсэн учраас Орос, Хятад хоёр дээрх хэлэлцээрт нэгдэх дургүй байгаа нь ойлгомжтой. Зарим шинжээчид уг түншлэлийг “Хятадын эсрэг худалдааны гэрээ”, “Бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн нөлөөг тогтоон барихад чиглэсэн арга хэмжээ” гэх мэтээр янз бүрээр дүгнэж байгаа юм. Тэртэй тэргүй дэлхийн эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед эдийн засгийн бүхэл бүтэн интеграцийг дотор нь ингэж хэсэглэн хуваах нь ойлгомжгүй үйлдэл гэж үзэх хүмүүс олон бий. Америкчуудын санаачилсан “түншлэл”-ийг сөргүүлэн Хятад улс  “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл” хэмээх хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг /тавигдах шаардлага нь арай зөөлөн/ санал болгожээ. Эл түншлэлд Хятад болон АСЕАН-ы гишүүн 10 орноос гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд хамрагдан орох гэж байгаа бололтой.

Арлын маргаан ахиад л сөхөгдөв

Манилагийн Саммитын үеэр хэлэлцсэн халуухан сэдэв бол Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын маргаантай холбоотой. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама эдгээр арлуудад явуулж буй барилгын ажлаа зогсоохыг Хятадын талд уриалсан боловч хятадууд ямар нэгэн тодорхой хариу өгсөнгүй. Эрдэс баялгийн асар их нөөцтэй байж болох Спратли гэдэг бүлэг арлуудын орчмын маргаантай бүс нутагт хятадууд шороо овоолон хиймэл арлууд байгуулж байгаа нь Хятадын хөршүүдийн төдийгүй АНУ-ын эгдүүцлийг төрүүлж байгаа юм. Харин хятадууд хариуд нь “энэ бол хөршүүдтэйгээ хамтран шийдэх асуудал, америкчууд энэ асуудалд оролцох огт шаардлагагүй” гэцгээдэг. Гэтэл АНУ-ын хувьд огт өөр байр суурьтай. Спратли арлуудын орчмоор дайран өнгөрдөг хөлөг онгоцууд жилд 5 их наяд долларын ачаа бараа тээвэрлэдэг учраас энэ бүс нутаг нь далайн тээврийн хөдөлгөөнд чөлөөтэй, нээлттэй байх учиртай юм. Өнгөрсөн сарын 29-нд Филиппиний тал Гаагийн олон улсын шүүхээр уг маргааныг хэлэлцүүлэх шийдвэр гаргуулж чадсан боловч Хятад маргааныг хэлэлцэх үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манилагийн уулзалтын үеэр Обама Ази-Номхон далайн бүс нутгийн холбоотнуудтайгаа уулзах үеэрээ аюулгүй байдлаа бэхжүүлэхэд нь дэмжлэг болгож тэдэнд /Филиппин, Вьетнам, Индонези, Малайз/ 259 сая долларын багц тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ