Автомашинуудыг Булганы нутаг дэвсгэрт зогсохгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-01 10:18:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Булган аймагт малын гоц халдварт өвчин шүлхий гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн машинуудыг Булган аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явж байх үүргийг өгч мэргэжлийн байгууллагууд зөвлөмж мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Мөн зарим тээврийн хэрэгслийг Булган аймгийн нутаг дэвсгэрийг дайрахгүй тойрч явах боломжтойг сануулж байгаа ажээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ