Орц хонгилд амьдрах иргэдэд дулаан хувцас өгөв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:55:37

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар нийгмийн салбарын харъяа агентлагууд нэгдэж “Нийгмийн үйлчилгээг-Танд” сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд Дархан хотын орц хонгилд амьдардаг иргэдийн судалгааг гаргаж дуусчээ.

Уг судлагаагаар Дархан сумын хэмжээнд орон сууцны байрын 71 орц хонгилд 236 иргэн хоноглож байгааг тогтоож эдгээр иргэдэд дулаан хувцас тарааж өгөв. Зорилтот бүлгийн иргэдэд дулаан хувцас олгох ажилд Монгол-Туркийн хамтарсан 21 дүгээр сургууль, “Алсын хараатай залуус” ТББ, “Улаан загалмайн Хороо”, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Ш.Энхтэгш  зэрэг иргэд дэмжиж оролцлоо. Эдгээр зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж асаргаа сувилгааны тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ цахим үнэмлэх, ЭМД-ын дэвтэр, боловсролын бичиг баримтыг нөхөн өгч суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгож байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир мөн үеэр хийсэн мэдээлэлдээ дурдав. Мөн аймгийн Нийгмийн халамж, Үйлчилгээний хэлтсээс гэр оронгүй тэнэмэл иргэдийг “Халуун хоол” хөтөлбөрт хамруулах “ГОТИ” төсөл хэрэгжиж эхэлсэн. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, орц хонгилд амьдардаг, хорихоос суллагдсан зорилтот бүлгийн иргэд рүү хандсан ажлыг аймаг орон нутгаас зохион байгуулж байгааг аймгийн Засаг дарга А.Энхболд энэ үеэр онцлон хэлэв. Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг, 8000 гаруй ахмадуудын 16 хувь нь эмзэг бүлэгт хамаарч аймгийн нийт хүн амын 9,4 хувийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ