Пак Гын Хэ-д 30 жилийн хорих ял төлөвлөжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-27 15:10:28
СӨҮЛ. /Ёнхап/. Авлигатай холбоотой томоохон дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны эхээр ерөнхийлөгчийн суудлаа алдсан Пак Гын Хэд 30 жилийн хорих ял оноохыг Өмнөд Солонгосын прокурорууд шаардсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Мөн прокурорууд түүнд  118.5 тэрбум вон буюу 110.4 сая ам.долларын торгууль ногдуулахыг Сөүлийн Төв дүүргийн шүүхээс хүссэн байна.

Прокуроруудын төлөвлөсөн ялыг гуравдугаар сарын сүүлчээр эсвэл дөрөвдүгээр сарын эхээр болох шүүх хурлын үеэр авч хэлэлцэх бололтой.

Өдгөө 66 настай Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ялласан юм.

Нэр нөлөөгөө ашиглан бизнест нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд улсынхаа томоохон компаниудаас, тухайлбал “Samsung” болон “Lotte”-гоос 77.4 тэрбум вонын авлига авсан, мөн дотны найз болох Чой овогт эмэгтэйд төрийн нууц задруулсан гэж Ерөнхийлөгч асан Пакийг сэжиглэж байгаа билээ.

Харин Пак Гын Хэ өөрийгөө "ямар ч гэм буруугүй" гэсээр байгаа юм.

Энэхүү авлигын дуулиан шуугианы улмаас түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан. Үүнээс нэг сарын дараагаас түүнийг цагдан хорьж эхэлсэн юм.

Түүний найз Чой овогтод хоёр долоо хоногийн өмнө 20 жилийн хорих ял оноосон. Гэхдээ Чой овогт давж заалдах эрхтэй аж.
Г.Доржханд

Холбоотой мэдээ