Ховд аймгийн ууган цэцэрлэг шинэ байранд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-27 09:48:36
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ууган цэцэрлэг болох "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан. Цэцэрлэгийн барилга нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудан, нуралт үүсэх эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлт гарсан тул сүүлийн 3 жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Орон нутгийн удирдлагууд иргэдийн саналыг авсаны үндсэн дээр алслагдсан гэр хорооллын хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах үүднээс тус цэцэрлэгийн шинэ барилгыг Жаргалант сумын Тахилт багийн нутагт барьж байгуулан ашиглалтанд хүлээлгэн өгч өчигдөр нээлтийн тууз хайчлав.
"Оюуны Ундраа" нэгдүгээр цэцэрлэгийн шинэ барилгын нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон аймгийн удирдлагууд, тус цэцэрлэгийн үе үеийн эрхлэгч, ахмад баш нар, цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн туузыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлагаар нээлтэнд оролцсон дарга нар биш харин тус цэцэрлэгт ажиллаж байсан үе үеийн  ахмадуудын төлөөлөл, эрхлэгч, эцэг эхийн төлөөллүүд хайчилсан юм.
Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд 6 цэцэрлэг барьж, цэцэрлэгийн хамран сургалтын хувийг нэмэгдүүлэхээр тусгасан бий. Өнгөрсөн  2017 оноос хойш Ховд аймаг дөрөвдэх шинэ цэцэрлэгээ ашиглалтанд оруулаад байна. Ингэснээр 2016 онд 81,7 хувьтай байсан сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдэж 82,4 хувь болж байна.
Жаргалант сумын "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг "Улаан дөл" ХХК 1,8 тэрбум төгрөгөөр концессийн гэрээгээр барьжээ.
                                                                                                                                          А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ