Тэтгэврийн насыг наашлуулбал залуучууд ажилтай болох боломж бүрдэнэ гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр иргэд өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарахаар хуульчилсан нь ажилгүйдлийн түвшин өндөр манай улсад тохирохгүй байна гэсэн саналыг УИХ болон Засгийн газрын гишүүн Х.Баделханыг Өлгий сумын иргэдтэй хийх уулзалтын үеэр хэллээ.
Учир нь өнгөрсөн оны жилийн эцсийн судалгаагаар аймгийн хэмжээнд 7363 хүн ажилгүй байна гэсэн тооцоо гарсан бөгөөд тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо цөөн, их, дээд сургууль төгсөн ирж байгаа залуучуудын тоо үүнээс хэдэн арав дахин их байгаа гэв. Иймд иргэд тэтгэвэрт эрт гарснаар залуучуудын тодорхой хувь нь ажилтай болох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан иргэдийн дээрх саналыг УИХ болон Засгийн газарт уламжлахаа илэрхийллээ.
Тэрээр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ сарын 21-нээс эхлэн аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийн УИХ-ын намрын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүд, энэ жил хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонсож байгаа юм.
Ө.Нурболат