Гэр бүлийн хүчирхийллийн дунд эрсдэлтэйд үнэлэгдсэн 60 орчим иргэн бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-22 14:49:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зөрчил захиргааны журмаар баривчлагдсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 486 иргэн бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 21 үйлдэгдсэнээс хөнгөн 18, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг тус бүр 1, үүнээс согтуугаар үйлдэгдсэн 10 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Аймгийн Цагдаагийн газрын судалгаагаар 18-44 насны эмэгтэйчүүд ихэнхдээ хохирогч болдог ба бие махбодын хүчирхийлэлд 15, сэтгэл санааны хүчирхийлэлд 22, бэлгийн хүчирхийлэлд 4 өртөж гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон байдаг байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын А/37 дугаар журмын дагуу гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох 93 иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж үзэхэд бага эрсдэлтэй 30, дунд 59, өндөр эрсдэлтэй  дөрвөн иргэн бүртгэгджээ.

Дээрх гэмт хэргийн хохирогчдын байдлыг хүйсийн байдлаар авч үзвэл 80% нь эмэгтэйчүүд, 12% нь хүүхдүүд, найм ан хувийг бусад иргэд эзэлж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.

Хүүхэд хамгааллын хамтарсан багаас таван хохирогчид эрүүл мэндийн, 20 хохирогчид сэтгэл зүйн, 18 хохирогчид нийгмийн халамжийн, 30 хохирогчид эрх зүйн, 11 хохирогчид холбон зуучлах үйлчилгээг тус тус  үзүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ