“Багш сурагчийн гэрт” аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-21 18:21:34
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын 30 сургууль болон 33 цэцэрлэгийн дунд “Багш сурагчийн гэрт” аян зарлаад байна. Хүүхэд багачуудыг итгэл үнэмшилтэй, бие даан ажиллах, амьдрах чадвартай, бусдад туслах сэтгэлтэй, өөрийн үзэл бодолтой, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд сургууль, багш, эцэг эх харилцан мэдээлэлтэй болж, илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж.
Аяны хүрээнд БСУГ-аас болон сургууль, цэцэрлэгүүдээс зохиосон ажлын үр дүнг дүгнэж хэлэлцэхээс гадна тухайн суралцагчийн сурлага, төлөвшилтийн талаарх ахиц амжилтын мэдээлэл солилцож, эцэг эхэд өгөх сурган хүмүүжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулах аж. Тэрчлэн 12-р ангийн сурагчдын эцэг эхэд ЭЕШ-д бэлтгэж байгаа өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлийн талаар болон тухайн суралцагчийн хичээл сонголт, авсан сорилуудын дүн мэдээг танилцуулах юм байна. Тус аян нь өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ