Оюутолгойн гэрээгээр Ард нийтийн санал асуулга явуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-23 16:43:29

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд Оюутолгойн гэрээг бүхэлд нь цуцлах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санал явуулна гэв. 

Тус бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэхдээ мэдээлэл хангалтгүй гэж үзэн, дахин мэдээлэл авсны дараа байр сууриа нэгтгэх болсон байна. Мөн Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж алдар гавьяаг нь мөхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэж, иж бүрэн мэдээлэл цуглуулж, судалж, боловсруулах Ажлын хэсэг байгуулан Л.Цог ахлахаар шийдвэр гарчээ. Түүнчлэн Сонгуулийн тухай гурван хэсэг хуулийг нэгтгэх үүрэгтэй Ажлын хэсэгт тус бүлгээс Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва нар орохоор болсон байна. 
“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар тус бүлгийн гурван гишүүн санаачилж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 16 гишүүнийн гарын үсэг цуглуулаад байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Уянга онцолж байв. Тус бүлгийн зарим гишүүд уг асуудалд гарын үсэг зурахыг түдгэлзэж байгаа ч гарын үсэг цуглуулах ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг мөн хэллээ. 
“Дубайн гэрээ”-н үндэс болсон Оюутолгойн гэрээг бүхэлд нь хөндөж, энэ гэрээ анхнаасаа буруу, алдаатай болсон, хэрхэн засч залруулах боломжтой талаар бүлгийн хурал дээр ярилцсан байна. Мөн Оюутолгойн гэрээг цуцлах шаардлагатай эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах саналыг бүлгийн гишүүд гаргахаар байр сууриа нэгтгэсэн байна. Оюутолгойн гэрээний талаар УИХ-ын гишүүн Л.Цог “Монгол Улсад эдийн засгийн хувьд ашиггүй гэрээ. Энэ тухай 8-9 жил ярьж байна. Оюутолгойн эхний гурван жилийн баримтыг шалгахад 3 тэрбум ам.доллар буюу улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байсан. Энэ асуудлыг ярьж дуусаагүй байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Дубайн гэрээ”-г зурсан. Нэгийг нь нөгөөгөөс нь салгах аргагүй, хойш нь тавишгүй асуудал. Дубайн гэрээний дагуу Монгол Улс байгаагаа барьцаалж байгаад өчнөөн тэрбум долларыг хүний компанид авч өгөх гэж байна. Толгой компани болох “Рио Тинто”-д авч өгнө. Монгол өөрийнхөө ордыг, лицензийг мөн ашгаа барьцаалах гэрээ хийсэн. Үүнд хариуцлага тооцохоос аргагүй” гэв.  
Тус бүлгээс ирэх лхагва гарагт бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл, АСЕМ-ын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахад эдийн засгийн чадавх ямар байгаа, Халх гол төсөл, Тавантолгойн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан асуудлыг нухацтай ярилцаж бүлгийн байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ