Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-09 17:31:23
Архангай /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг Ивээх Сангаас “Монгол Улс дахь Зудын нөхцөл байдалд зориулсан хүмүүнлэгийн тусламж 2016” хөтөлбөрийн хүрээнд “Япон Платформ” байгууллагаас санхүүжилттэй “Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх” төслийг өнгөрсөн оны 3 дугаар сараас энэ оны 2 дугаар сарын 28 хүртэл хугацаанд хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Жаргалант сумын Хоолт багийн сургуулиуд хамрагдсан байна.

Төслийн хүрээнд аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд зорилгоор зорилтот сумдын ерөний боловсролын сургуулиудын захиалгын дагуу 8 сургуульд 68.2 сая төгрөгийн 2 сарын хэрэглээний нийт 765 тн нүүрсний дэмжлэг, Жаргалант сумын ЕБС-д 240 м3, Жаргалантын Хоолт багт 32 м3 түлээний модны  дэмжлэг үзүүлжээ. Мөн сургуулиудын улирлын амралтын дараа тодорхой шалтгааны улмаас хичээлдээ ирж чадаагүй малчдын хүүхдүүдийг хичээлээс нь хоцроолгүй сургуульд нь хүргэх зорилготойгоор 2 сая төгрөгийн унааны дэмжлэгийг зорилтот 10 сургуульд үзүүлсэн ба нийт 236 хүүхдийг сургуульд нь аюулгүй авчирч, зарим сургууль нь гэрт нь хүргэж өгсөн байна.

Мөн төслийн хүрээнд боловсрол нөхөн олгох сургалтыг хоёр удаа зохион байгуулж, нийт 2756 хүүхдэд 302 багш 6362 цагийн хичээл заажээ. Энэхүү сургалтын үр дүнд аймгийн хэмжээнд сурагчдын сурлагын амжилт эхний сургалтаар 29.3 хувь, хоёр дахь удаагийнхаар 17.3 хувиар ахисан байна.



Тус төслийн мөнгөн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд зорилтот 9 сумын ЕБС-д суудаг амьжиргааны түвшин доогуур малчин өрхийн хүүхдүүд хамрагдсан байна. Энэхүү мөнгөн дэжлэг нь хүүхдүүдийн боловсролын хэрэгцээнд нь зориулагдсан ба аймгийн хэмжээнд нийт 454 өрхийн 730 хүүхдэд  146.000.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд 2 дугаар сарын энхий долоо хоногийн байдлаар тус 317.835.604 төгрөгийг зарцуулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ