Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулах хэмжээнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-09 16:06:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн түлхүүр” эмэгтэйчүүд ТББ, Агаарын бохирдлыг бууруулах газар, иргэд хамтарсан “Утаа бидний амьдралд” хэлэлцүүлгийг Хангарди ордонд зохион байгууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 703 буюу маш их бохирдолтой хэмээн гарсан бол Толгойт орчимд 641 гэсэн индексийг заажээ. ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна. Хэлэлцүүлгээр утаа бууруулахад дан ганц агаарын бохирдол бус агаарын чанар, агаар дахь тоосонцрын хэмжээ, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг олон талаас нь авч үзэх нь хэрэгтэй байгааг оролцогсод онцоллоо. 

“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд ТББ”-ын тэргүүн Г.Хажидмаа ярихдаа,“Нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд  гэр хорооллын нөхцөл байдалтай танилцдаг ч ямар нэгэн үр дүн гардаггүй. Эрхээ эдлэх, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахгүй байна. Үнэндээ монголчууд төрийн үйлчилгээг харсаар туйлдлаа. Тиймээс хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулахад төрөөс гэр хороолол руу чиглэсэн шинэлэг санааг гаргаж хэрэгжүүлэх боломжтой хувилбарыг сонгон хэлэлцэхийг зорилоо. Уг хэлэлцүүлгээс гарсан шийдлийг НЗДТГ, Агаар болон орчны бохирдол хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлж ажиллана” гэв.
 
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ