Цагаач иргэдийн квот тогтоох тогтоолын төслийг гишүүд дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-09 11:58:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Хойд Солонгосын ажиллах хүчний асуудал юу болсон бэ” гэсэн асуудлыг тодруулсан. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн,, “БНАСАУ-ын харьяат  798 иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэж байна. НҮБ-аас тавьж буй хоригийг хэрэгжүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэсэн тайлбар хийв. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус тогтоолын төслийг дэмжих боломжгүй, улс орны чанартай олон асуудал байхад заавал энэ асуудлыг хэлэлцэх шаардлага байна уу гэсэн байр суурьтай байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тогтоосон хугацаанд уг асуудлыг УИХ-д оруулж ирдэг. Тэр зарчмаараа тогтоолын төслийг оруулж ирсэн хэмээв.

Ингээд тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад олонх дэмжээгүй тул тогтоолын төсөл унасан юм.
Б.Туул
 
Холбоотой мэдээ