Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-07 11:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгав.

“Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгожээ. Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, хангалтгүй дүн авсан бол хариуцлага тооцох юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүр компанийн засаглалыг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гаргах юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах үнэлгээний хороо байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлнэ. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг мөрдөж, хувь хүний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулан байгаль орчноо хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулахыг уриалсан байна 

Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээг 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэлэлцэн батлав. Үүнтэй холбогдуулан жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, тодотголд Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг тусгах, улсын төсөв, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ, гадаад зээл, тусламжаас бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хөрөнгийг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов. Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үзэж байна. Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газар эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж тээвэр, дэд бүтэц байгуулахыг зорьж байна. Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт анхаарах юм.

 

Холбоотой мэдээ