“Сэтгэлийн 1000 донор” аянд спорт, урлагийнхан нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-02-03 14:48:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Сэтгэлийн 1000 донор” аянд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон болон гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, СТА, жүжигчин Д.Баттөмөр нарын урлаг, спортын алдартнууд оролцлоо.

Тус аянг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Аваргууд” Монголын чөлөөт бөхийн академи, “HANU” ХХК, “Өлзий намнан” ХХК дэмжин ажиллаж байна. “Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ-аас Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сэтгэлийн 1000 донор-3” аяныг эхлүүлэв.



Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон ТББ-ууд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой энэ аян нь 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд бүтэн сарын турш үргэлжилнэ.

Энэ өдөр “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Цэдэндамба, Г.Эрдэнэбат (МУГЖ), “Бахархал 20” тэмдгээр донор Н.Мөнхбат, “Бахархал 30” тэмдгээр донор Ш.Пүрэвдорж, “Бахархал 40” тэмдгээр донор О.Оюунчимэг нарыг тус тус шагнаж,  “Хүрэл донор”-оор донор Г.Гантөмөр, Р.Батхүү нарыг өргөмжлөв. Мөн Үндэсний статистикийн хорооны ажилтан Д.Ганзориг, Д.Баярмаа, Д.Анхзаяа нарыг МУЗН-ийн Тэргүүний залуу алтан медалиар шагнасан байна.
Д.Өлзий
Холбоотой мэдээ