Дэлхийн хамгийн том бяслагтай бялуу Гиннесийн номд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 15:41:35
СТАВРОПОЛЬ. /ТАСС/. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-нд Ставрополь хотын өдөрт зориулан тус хотод бэлтгэсэн 4 гаруй тонн бяслагтай бялуу албан ёсоор дэлхийн хамгийн том бялуугаар тодорчээ. Уг аварга том бялууг бэлтгэсэн компанийн удирдлага дээд амжилт эвдсэнийг батлах баримт бичгийг Гиннесийн номын төлөөлөгчдөөс гардан авсан байна.
 
“Нарийн боовчид Ставрополь хотын 240 жилийн ойд зориулан хотын оршин суугчдад онцгой бэлэг барьсан. Дэлхийн хамгийн том бяслагтай бялууг бүтээсэн нарийн боовчид бялууг шууд Александровын талбай дээр бэлтгэсэн. Энэ бялуу Гиннесийн номонд албан ёсоор бичигдэж, бялууг хийсэн компани зохих гэрчилгээгээ гардан авсан” гэж хотын захиргааны төлөөлөгч ярьсан байна.

Бялууг нийт 20 нарийн боовчин 30 цаг бэлтгэжээ. Бялууны голч нь 2,8 метр байсан аж. Амттанд хэмжилт хийсний дараа хотын оршин суугчид бялууг амталсан бөгөөд уг бялуугаар 20 мянган хүнийг дайлахад хангалттай хүрсэн гэнэ. Үүний өмнө АНУ-д бэлтгэсэн 3 тонн 129 кг жинтэй бялуу амжилт эвдэж байжээ.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ