Яаралтай үед хэрэглэх эмийн хангамж 70 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал малчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн хангалт шатахууны нөөцийн талаарх мэдээллийг өглөө.
Завханд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн 28 байгууллагын 916 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, 70852 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн найман байгууллага төвлөрсөн халаалтын системд холбогдсон, халаалтанд холбогдоогүй 20 байгууллага байна. Эдгээр төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 20 байгууллага өнөөдрийн байдлаар 99 машин мод, 308 тн нүүрсний хоёроос гурван сарын нөөцтэй байгаа ажээ.
Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж аймгийн хэмжээнд 79,6 хувьтай 21 хоногоос- хоёр сарын, амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж нэгээс хоёр сарын нөөцтэй байна. Эрүүл мэндийн 30 байгууллагын 59 автомашинаас бэлэн байдалд 30 автомашин байгаа бол засвар үйлчилгээ шаардлагатай 25, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж зогссон дөрвөн автомашин байна. Түргэн тусламжийн авто машины шатахууны хүрэлцээ 56 хувьтай, цаг хүндэрсэнтэй холбоотой шатахууны хэрэгцээ нэмэгдэж байгаа ажээ. Эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад байгаа Цагаанхайрхан, Цагаанчулуут, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын дөрвөн автомашины гүйлтийн норм дууссан, цаашид ашиглах боломжгүй болсон. Цаг хүндэрсэн үед хэрэглэх шатахууны нөөц дутагдалтай байгаагаас гадна алсын дуудлагын түргэн тусламжийн автомашиныг зүг чиг заагчтай /GPS/ болгох шаардлагатай. Яаралтай үед хэрэглэгдэх эмийн хангамж дөнгөж 70 хувьтай байгаа тул цаашид цаг хүндэрч эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай үед эмийн нөөц хомсдож, тусламж үйлчилгээ доголдох магадлалтай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өгөв.
Б.Мягмарсүрэн