“Аваргын гараа”-ны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-29 15:04:14
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын ивээл дор зохиогддог "Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын 27-28-ны өдрүүдэд Аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд болж өнгөрлөө.
Тэмцээнд дөрвөн насны ангиллаар 140 гаруй өсвөрийн бөхчүүд хүч сорьсноос 18 насны бөхчүүдийн барилдаанд нэгдүгээр байрыг Ахлах гуравдугаар сургуулийн Б.Цагаанбандь, 17 настай бөхчүүдийн барилдаанд Цогцолбор хоёрдугаар сургуулийн Д.Бат-Эрдэнэ нар тус тус аваргалсан байна. Харин 16 настай бөхчүүдийн барилдаанд Цогцолбор хоёрдугаар сургуулийн Б.Энхманлай, 15 настай бөхчүүдийн барилдаанд мөн сургуулийн Ц.Билгүүн нар тус тус түрүүлжээ.
Өсвөрийн бөхчүүдийг багийн дүнгээр байр эзлүүлэхэд Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор хоёрдугаар сургуулийн бөхчүүд нэгдүгээр байр эзэлсэн бол удаах байруудыг Б.Түмэнбаяр дасгалжуулагчтай Цогцолбор нэгдүгээр сургуулийн бөхчүүд, Б.Гомбожав дасгалжуулагчтай “Ойрадын хүч” дэвжээний бөхчүүд тус тус эзэлсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ