“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян” Ховдод эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-26 15:20:52
Ховд/МОНЦАМЭ/ Энэ  оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулагдах "Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян"-ыг Монголбанкны Ховд дахь салбар эхлүүллээ. Аяны нээлтэнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй банкны салбарын удирдлагууд, даатгалын газар, банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн нийт 14 хүн оролцлоо. 
Санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй болгох зорилгоор манай улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа юм. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян 18 буюу түүнээс дээш насны санхүүгийн харилцаанд оролцож буй иргэд болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч рүү чиглэсэн байна. Аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, Монголын Ипотекийн Корпораци, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамран зохион байгуулж байна. 
                                                                                                                                 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ