Амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинет байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-22 15:51:07
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар Амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинеттай боллоо. Эрүүл мэндийг дэмжих сангийн найман сая төгрөгийн хөрөнгөөр шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж худалдан авсныг энэ сарын 17-нд суурилуулжээ.
Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл их байдаг аж. Өнгөрөгч онд тус аймагт гадаад дотоодын шүдний эмч нарын хамтарсан баг зөвхөн нэг удаагийн үзлэгээр 1765 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад эрүүл  шүдтэй 1152,  шүдний цооролттой 613 хүүхэд байснаас 200 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн аж.
Тиймээс иргэдийн шүдний эрүүл  мэндийг хамгаалах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангах шаардлага байгаа юм. Дээрх кабинетад мэргэжлийн шүдний эмч ажиллаж сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шүдэнд халтай болон халгүй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа хийх, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр ажиллана.
Дашрамд дурдахад хүн ардын амны хөндийн эрүүл ахуй, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 он хүртэл  “Эрүүл шүд аян”-ыг зарлаад буй. Амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинет байгуулсан явдал нь “Эрүүл шүд” аяны хүрээнд зохион байгуулж буй нэг ажил гэж албаныхан тодотгов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ