Баян-Өлгийн нэг хүнд ногдох ДНБ баруун бүсэд доогуур байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр баруун бүсэд хамгийн доогуур үзүүлэлттэй байгаа талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс саяхан гаргасан судалгаанд дурджээ.
Тус аймгийн дотоод нийт бүтээгдэхүүн өмнөх жилд 307 тэрбум төгрөг байсан бөгөөд нэг хүнд 3 сая 115 мянган төгрөг ногджээ. Харин энэ үзүүлэлт Говь-Алтай аймагт 4 сая 136 мянга, Завханд 4 сая 159 мянга, Увс аймагт 3 сая 982 мянга, Ховд аймагт 3 сая 571 мянган төгрөг ажээ.
Статистик мэдээнээс харахад аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувийг хөдөө аж ахуй, 54 хувийг үйлчилгээ, 16 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлдэг байна. Ийнхүү аж үлдвэрийн салбарын хөгжил сул байгаа нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бага гарах голлох шалтгаан болжээ. Мөн 2016 онд аймгийн ДНБ-ний хэмжээ өмнөх оноос 1,9 хувиар буурсан, хүн ам олонтой нь мөн нөлөөлсөн аж.
Иймд нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Ө.Нурболат