Кабулын "Intercontinental" зочид буудал руу халдах үеэр 5 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-21 13:43:49
МОСКВА./ТАСС/. Зэвсэгт этгээдүүд Кабул хот дахь "Intercontinental" зочид буудал руу дайрсны улмаас 5 хүн амь үрэгдсэн байна. Энэ тухай өнөөдөр телевизийн TOLO News суваг Афганистаны ДХЯ-ны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээллээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар зочид буудлын таван давхрыг шалгаж,  халдлага үйлдэгчдээс “цэвэрлээд” байгаа бөгөөд хоёр этгээдийг устгажээ. Халдлага үйлдсэн 1-2 этгээд зочид буудлын барилга дотор нуугдаж байгаа бололтой. Зочид буудлаас 100 орчим хүнийг гаргаснаас 16 нь гадаадын иргэд байжээ. ДХЯ-ны мэдээлснээр, халдлага үйлдэгчид хүмүүсийг барьцаанд аваагүй байна.
 
Зэвсэгт этгээдүүдийг олж илрүүлэх, устгах ажиллагаа үргэлжилж байна. Өмнө нь TOLO News суваг мэдээлэхдээ, халдлагын үеэр 15-аас доошгүй хүн амь үрэгдсэн юм уу шархадсан байж болзошгүй гэж байв.
 
"Intercontinental" бол гадаадынхан олноороо ирдэг зочид буудал бөгөөд тэнд барууны албаны хүмүүс оролцсон хэвлэлийн бага хурлууд болдог байна. 2011 оны 6 дугаар сард тус зочид буудал руу зэвсэгт этгээдүүд халдан, дөрвөн удаа дэлбэрэлт үйлдсэний улмаас 12 хүн амь үрэгдэж байжээ.
 
Э.Аянзаяа
 



Холбоотой мэдээ