Оросын "Бородинский" талхыг орон нутагт үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-18 23:37:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Вояж" нөхөрлөл оросын "Бородинский" сортын хөх тарианы талхыг орон нутагт үйлдвэрлэж эхэллээ.

Талхны цехийн удирдлагууд өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааны талаар: "Аймгийн ихэнх иргэд өнөөдөр ОХУ-аас оруулж ирж буй хар талхыг хүнсэндээ хэрэглэж байгаа. Тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа ердийн нөхцөлд 72 цаг байдаг. Бийск хотод үйлдвэрлэсэн энэхүү талхыг Баян-Өлгийд хүргэх хүртэл заасан хугацаа нь дуусчихдаг юм. "Вояж" талхны онцлог бол чанарын хувьд импортын бүтээгдэхүүнтэй эн дүйцэх ба  нэмүү өртөг шингэсэн, цэхээс гараад хугацаа алдахгүй хэрэглэгчдэд хүрэх боломжтой. Одоогоор нийт хэрэгцээний 30 орчим хувийг хангаад эхэлсэн. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, баруун аймгуудад нийлүүлэхийг зорьж байна" хэмээн тайлбарлаж байна.

Албан бус мэдээллээр Өлгий хотын хар талхны сарын хэрэглээ одоогоор зуны улиралд 4000, өвөл 2000 орчим ширхэг байдаг юм. Уг үзүүлэлт сүүлийн үед нэмэгдэж байгаа ажээ.

Хөх тарианы талх нь төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэг болон E, PP, B-ийн төрлийн амин дэмийн агууламж ихтэй, илчлэг багатай тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулх, хэт таргалалтыг зогсоож, биеийн жинг бууруулах үйлчилгээтэй хүнсний төрөл юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ