2035 он гэхэд 4 шинэ автомашины тутмын нэг нь бүрэн автомат жолоодлоготой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-15 15:26:44
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. 2035 он гэхэд дэлхийн зах зээлд борлуулагдах дөрвөн шинэ автомашин тутмын нэг нь бүрэн автомат технологиор тоноглогдсон байх болно гэж автомашины зах зээлийн талаар судалгаа хийж, зөвлөгөө өгдөг томоохон компани мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Америкийн “The Boston Consulting Group” компанийн саяхан явуулсан судалгааны тайланд “10 жилийн дотор бүрэн автомат машинууд замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. 17 жилийн дараа гэхэд дэлхийн зах зээлд борлуулагдах нийт автомашины 23 хувь нь бүрэн автомат автомашин байх болно” гэжээ.

Жолоочгүй буюу бүрэн автомат жолоодлоготой такси, автомашин болон унадаг дугуй түрээслэх үйлчилгээний эрэлт хэрэгцээ цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэж тус компани мөн мэдэгджээ.

Одоогоор замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ердөө 1 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа бол 2035 он гэхэд энэ үзүүлэлт 30 хувь болж нэмэгдэхээр байгаа аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ