2020 онд “Залуучуудын ордон” барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:56:02

Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар өнгөрсөн сард “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөр 2015-2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд 2020 онд “Залуучуудын ордон” барих гэнэ. Ордны байршил, зураг төсвийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Орхон аймаг 93 мянган хүн амтай. Үүний 60.1 хувийг 15-45 насныхан эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл, залуучууд ихтэй тул тэдэнд чиглэсэн хөтөлбөр баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Залуучуудын холбоо болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл үзжээ. Иймд 3 бүлэг 35 заалт бүхий хөтөлбөртэй болж залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд анхаарахаар болжээ. Тухайлбал, залуусын дамжин өнгөрөх нийтийн орон сууц, оюутны дотуур байр барих гэнэ. Мөн хувь хүний төлөвшилтөд чиглэсэн төрөл бүрийн сургалт хийх ажээ. Энэ онд л гэхэд 20 сая төгрөг баталсан байна. Үүнээс гадна их, дээд сургуульд эмч ажиллуулахаар судалж эхэлжээ. Уг нь 1500 оюутан тутамд нэг эмч ажиллах ёстой гэсэн олон улсын стандарт байдаг гэнэ.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ