Хамтарсан фитнес хөтөлбөрөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-14 22:16:34

Завхан/МОНЦАМЭ/. Завханд Монголын Тусгай Олимпийн хорооноос хэрэгжүүлж буй "Хамтарсан фитнесс хөтөлбөр" амжилттай эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг Завхан Спиннинг клуб, Монголын тусгай олимпийн хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй 10 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сайн дурын 5-12-р ангийн 10 сурагч хамтдаа зургаан сарын хугацаанд хамрагдах юм байна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд зургаан сарын дараа бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрэх зорилготой ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаварлан гадуурхахгүй байх тэдний чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд ойлгуулах, урам өгөх ажээ. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрт оролцож буй зорилтот 20 хүүхэд долоо хоногт гурван өдөр олон талт фитнес хичээлд хамрагдаж байгаа юм байна. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар хамтран нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаврлан гадуурхахгүй байх, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадварыг ойлгуулах уриа лоозон бүхий сайн дурын олон нийтийг хамарсан ажлыг долоо хоногт нэг удаа хийж байна. Тэдний эхний ажил нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хамтарсан цасны баяр байв. Энэхүү баярт оролцсон иргэн бүр баг болж хамтдаа цасны чарга болон цасны олс таталт, цасаар хэн сайн урлах вэ гэхчлэн тэмцээнүүдэд оролцжээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ