Үндсэн хуулийн өдрийг угтан "АХА" тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-13 20:39:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Шүүхийн тамгын газраас ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Үндсэн хууль: Үндсэн эрх” сэдэвт “АХА” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.   

Уг арга хэмжээнд Өлгий сумын ерөнхий боловсролын есөн сургуулийг төлөөлж Монголын Скаутуудын холбооны тус аймаг дахь салбарын 21 сурагч оролцсоноос тэргүүн байрыг Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч Х.Бүркитбай эзэлж, дэд байранд мөн сургуулийн сурагч С.Маржангүл шалгарлаа.


Тэмцээнд тэргүүлсэн сурагчдыг шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Раушан нар  “Өргөмжлөл”, ном, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулж, 2018 оны 3 дугаар сард явагдах “Шүүхийн мэтгэлцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д идэвхтэй оролцохыг хүслээ.

Дашрамд дурдахад, тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сурагчдын дунд “Үндсэн хууль: Үндсэн эрх”, “Хүний эрх” сэдвээр 45 минутын хичээлийг 2013 оноос жил бүр уламжлал болгон зааж байсан бол энэ жил сурагчдын өвлийн амралт давхацсантай холбоотойгоор ийнхүү “АХА” тэмцээнийг зохион байгуулсан байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ