Утсаар зөвлөгөө авч, цаг товлох үйлчилгээ иргэдийн цагийг хэмнэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-12 20:51:00

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах, иргэдийн хүлээгдлийг бууруулах зорилгоор лавлагаа үйлчилгээний журам боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Тодруулбал 70462116 дугаарын утас ажиллуулж цаг товлох, дугаар харгалзахгүй үйлчлэх өдрийг бүртгэж авах, 75779944 дугаарын утсаар өдөр бүр эмчийн зөвлөгөө өгөх үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Энэ үйлчилгээгээр дамжуулан хөтөч сувилагчийн тоог нэмж иргэд утсаар нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч байна. Түүнчлэн дугаар харгалзахгүй цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болжээ. Хөдөө орон нутаг болон аймгийн төвийн үйлчлүүлэгч нар утсаар цаг товлодог үйлчилгээг авдаг болсноор хугацаа алдалгүй эмнэлгийн үйлчилгээг авах, өөрийн цаг завыг зохицуулах боломжтой болжээ.
Түүнчлэн амбулаторийн кабинетууд долоо хоногт нэг удаа дугаар харгалзахгүй үйлчилдэг өдөртэй болжээ. Үйлчлүүлэгчид хүлээгдэлгүй үйлчлүүлж эмч нарт нэмэлт үзлэгийн тоогоор урамшуулал олгодог болсон ажээ. Дашрамд дээрх үйлчилгээг өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн нэвтрүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж эмч нарын ажлын бүтээмж сайжирчээ. Өнөөдрийн байдлаар цаг товлох үйлчилгээг 5700 гаруй иргэн , утсаар нарийн мэргэжлийн эмч нараас 7800 гаруй иргэн зөвлөгөө авчээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ