Хархорин сумын 218 малчин өрх отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-11 20:52:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын нутгаар зундаа гандуу байж, намар анхны цас бороотой холилдон орсны улмаас мөсөн бүрхүүл тогтож, мал өвөлжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаагийн улмаас 218 өрхийн 115 мянган мал Баянгол, Сант, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Тарагт сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд отроор өвөлжиж байна. 
Сумын удирдлага, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эмч, Малын эмчийн бүрэлдхүүнтэй ажлын хэсэг отрын малчдаа эргэж, тус сумдад дөрөв хоног ажиллаад иржээ.
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Хархорин суманд тэмээ 319, адуу 31.856, үхэр 23.681, хонь 167.085, ямаа 111.032, нийт 333.973 толгой мал тоологдож, урьд оноос 8.06 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн Онгоцон ухаа багийн малчин Ц.Баасан 73 тэмээгээр, Шанх багийн иргэн Улсын сайн малчин П.Отгонсүх 623 адуугаар, Орхон багийн малчин Ц.Батсүх 238 үхрээр, Жалбаа багийн иргэн Улсын сайн малчин Э.Бямбасүрэн 1200 хониор, Онгоцон ухаа багийн малчин П.Лхагважав 627 ямаагаар төрөл тус бүр дээр тэргүүллээ. 2017 онд  есөн мянгат малчин шинээр төрж, Хархорин сум 40 мянгат малчинтай болж байна. Тус сум нийт 1260 малчин өрхтэй аж.

 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ